“Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, мэргэжлийн ур чадвар” видео ярилцлага боллоо

Хэвлэх

Мэдээ, мэдээлэл - Шинэ!

2010 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Хөдөлмөрийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулах гэж байна. Үүний хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлаар бүх аймаг нийслэлд  “Хөдөлмөрийн бага чуулган”
•    Чуулганы үед иргэдэд үйлчлэх “Ажлын байр-2010 Хөдөлмөрийн бирж” үйл ажиллагаа
•    Хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, үзэсгэлэн болон “Бүтээн байгуулалт-ажлын байр” хэвлэлийн бага хурал сурталчилгааны ажил
•    “Оюутны хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар” үндэсний чуулга уулзалт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бүсийн сургалт  
•    “Нийслэлийн ажил олгогчдын зөвлөлдөх уулзалт-хөдөлмөрийн бага чуулган”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Өнөөдрийн видео ярилцлага нь хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй шинэ бодлогыг зарлах, Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, мэдээллийн нэгдсэн санг улсын хэмжээнд бий болгож, ажил олгогч, ажил хайгчдыг шаардлагтай бүх мэдээллээр Монгол Улсын аль ч газраас интернет орчинд холбогддог болж байгааг орон нутагт мэдээлэх, тэдэнтэй санал солилцох,  томоохон төсөл хөтөлбөрт шаардагдах мэргэжилтэй ажиллах хүчийг сургаж бэлтгэх, ажлын байранд зуучлах болсон тухай мэдээлэх, санал солилцох зорилготой юм.

Видео ярилцлагад: НХХ-ын сайд Т.Ганди, БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр нар оролцоно.
Танхимын оролцогч нь:    Улаанбаатар хотод байрлаж байгаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд,   Боловсролын газрууд оролцоно.
Зайнаас оролцогч нь:    Аймгуудын Засаг дарга нар  ХХҮХ-ийн дарга, ажилтнууд,
БСШУ-ын хэлтсийн дарга, ажилтнууд байна.

Монгол улсын хөдөлмөрийн насны хүн ам 1.7 саяд, үүний дотор эдийн засгийн идэвхитэй хүн ам 1.1 саяд хүрлээ. Ажиллах хүчний 52.2 хувь нь 16-35 насныхан байна. Хүн амын өсөлтөөс хөдөлмөрийн насны хүн ам илүү түргэн  хурдацтай  өсч энэ хандлага ойрын ирээдүйд хадгалагдахаар байна. Ийнхүү нэг талаас, хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний нийлүүлэлт өндөр хурдацтай нэмэгдэж байхад нөгөө талаас, ажиллах хүчний оролцооны түвшингийн өсөлт бараг ажиглагдахгүй,  дөнгөж  66,8 хувьтай ажилгүйдэл нийгмийн хурц асуудал болсоор байна.

Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний эрэлт  ихсэж, уул уурхай, эрчим хүч, зам барилгын салбарт болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт Засгийн газраас явуулж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд шинэ ажлын байр, шинэ ажил мэргэжил  олноор бий болж байна.

Ийнхүү хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний эрэлт ба нийлүүлэлт зэрэгцэн өсч байгаа боловч ажил эрхлэлт өсөн нэмэгдэхгүй, ажил олгогч ажилтнаа олж авч чадахгүй, иргэд хүссэн ажилдаа орж чадахгүй  байгааг юуны өмнө ажлын байрны болон ажил мэргэжлийн стандартын шаардлага ба үндэсний  ажиллах хүчний мэргэжил, ур чадварын хооронд бий болсон дисбаланс, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн хомсдол, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний дутагдалтай холбон авч үзэж байна.

Эндээс  ажиллах хүчнийг өргөн далайцтайгаар сургаж бэлтгэх мэргэжлийн сургалтын бодлого, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлж, цаг үеэ олсон шуурхай бодитой мэдээллээр хангах, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг эрс сайжруулж, хамаарах хүрээг нь өргөтгөх, хүртээмж, үр дүнг дээшлүүлэх хөдөлмөрийн зах зээлийн идэвхитэй шинэ бодлогын хэрэгцээ, шаардлага урган гарч байна.

Мэргэжлийн сургалтын тогтолцоогоор дамжуулан ажиллах хүчнийг сургаж, бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг  сайжруулж, хамрах хүрээ, хүртээмжийг зохих түвшинд хүргэснээр  үндэсний ажиллах хүчний ажил эрхлэлтийг тогтвортой өндөр түвшинд гаргах, ажилгүйдлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэх явдал Хөдөлмөр эрхлэлтийн идэвхитэй шинэ бодлогын агуулгыг тодорхойлно. Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй шинэ бодлогынхоо хүрээнд Засгийн газар дэс дараалсан томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэллээ.

Монгол улсад хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих уул уурхай, зам,барилга, хот байгуулалт, үйлдвэржүүлэлт, дэд бүтцийн  томоохон төсөл хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалтын болон ашиглалтын явцад бий болж байгаа шинэ ажлын байр, шинэ ажил, мэргэжилд үндэсний ажиллах  хүчнийг бэлтгэж ажиллуулах бодлогыг тууштай хэрэгжүүлж эхлэв.

Энэ хүрээнд авч байгаа нэг томоохон арга хэмжээ бол Оюутолгой төслийн хөрөнгөөр ойрын 3 жилд 3300 мэргэжилтэй ажилчин бэлтгэхээр хэрэгжүүлж эхэлж байгаа хөтөлбөр юм.

Дараагийн ээлжинд Таван толгойн уул уурхайн, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын, авто болон төмөр замын, цахилгаан станцын, орон сууц хот байгуулалтын гэх мэт бүтээн байгуулалтуудын хэрэгцээг үндэсний ажиллах хүчнээр хангах явдал юм.

Дээрх зорилгын хүрээнд:
Нэн түрүүнд Орчин үеийн мэдээллийн технологид тулгуурласан Хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээллийн улсын нэгдсэн сан, сүлжээг бүрдүүлж, хөдөлмөрийн биржүүд, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад  үйлчилгээгээ эрхлэх  нэгдсэн мэдээллийн орчинг бий болгож байна.  Шинээр байгуулагдаж байгаа Хөдөлмөрийн төв биржийн нэг үндсэн чиг үүрэг нь Хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн сүлжээний менежментийг нэвтрүүлэх  явдал болно.

Ажил олгогч бүрийг, ажлын байр бүрийг бүртгэлжүүлж, тэдний талаарх мэдээллийг иргэддээ цаг тухайд нь хүргэж үйлчлэх шаардлагатай болж байна. Мөн хэрэгцээтэй ажилтных нь тухай мэдээллийг ажил олгогчдод цаг алдалгүй шуурхай хүргэх явдал онцгой ач холбогдолтой болж байна.

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, түгээх үйлчилгээнд  орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан нэгдсэн систем, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, интернетийн орчинд шилжих асуудал бидний хамгийн чухал зорилт болж байна. www.labornet.mn портал net-д суурилсан бүртгэл мэдээллийн програм хангамжийг боловсруулж туршилтын ажлыг эхлээд байна. Энэ програм хангамжийг бүх аймаг, дүүргүүдэд нэвтрүүлснээр иргэн хүн хүссэн газрынхаа мэдээллийг өөрийн амьдарч буй газраасаа олж харах үйлчлүүлэх боломжтой болох юм.

Мөн түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагуудад хэрэгцээтэй байгаа ажлын байрны мэдээг интернэтээс шууд олж авах, үйлчлүүлэх боломжтой болсноор мэдээлэл хамгийн хурдан шуурхай хүрч, мэдээллийн хүртээмж орон зай, цаг хугацаанаас хамааралгүй болох юм.

Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүд, тухайлбал, Оюу толгой төслийн хүрээнд бэлтгэх мэргэжилтэй ажилтныг бүртгэх, сонгон шалгаруулах, сургаж бэлтгэх, төгссөний дараа ажлын байраар хангах асуудлаар манай хоёр яам хамтарч ажиллана.

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ